Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 2018 оны 07 дугаар сард түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, голын усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд та бүхэн дараах зүйлийг анхаарна уу.

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах.
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах.
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх.
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих.
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх.
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх.
  • Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?
  • Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах
  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх.
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах.
  • Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах.
  • Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх